2012-06-02

Хүүхэд үеийн хайрцган сэтгэлгээг задалсан сургалтын сарууд

Хүн өөрийгөө ухаантай, эрдэмтэй гэж хааяа бодох үедээ энэхүү мэдлэг нь “Дархан хүний бурхан ухаант” багшаас шүү гэдгийг санадаг билээ. Надад ч хааяа ийм бодол төрдөг бөгөөд миний мэдлэг чадвар яахын аргагүй Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн багш нараас, тэдний заасан номоос эхтэй гэж энэ сургуулийн хамт олонтой эрдмийн нэгэн ханан дотор, ойр хамтран ажиллах болсон цагаасаа хойш заримдаа боддог болсон. Энэ сургуулийг төгсөөгүй байж яагаад гэж надаас асууж магад. Бүрэн дунд сургуульд надад физик, математикийн хичээл заасан, ийм эрдэмд эргэлт буцалтгүй хөтөлсөн багш нар маань МУИС төгсөгчид байлаа.
Миний бие Булган аймгийн төвийн одоогийн Нэгдүгээр дунд сургуульд суралцах хугацаандаа 7 дугаар ангиасаа эхлэн он дараалан аймагтаа математикийн уралдаан, тэмцээнд бүрт тэргүүн байранд шалгардаг муугүй сурагч байлаа, бүрэн дунд сургуулиа “Алтан медаль”-тай ч төгслөө. Ангийн багш, бас математикийн багш – Б.Жүгдэр багш маань МУИС төгсөгч бөгөөд математикийн олимпиадад бидний хэдэн хүүхдийг бэлтгэсэн, математикийн арга ухааны “Цагаан толгой” заасан, бидний үргэлж дурсан өргөмжлөх хүндэт багш маань билээ. Тэр цагийн 10 жилийн дунд сургууль төгсөх жилээ Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд үндэсний хэмжээнд зохион байгуулдаг Математикийн улсын олимпиадад Булган аймгаас шалгарч оролцох аз бас тохиосон.

No comments:

Post a Comment

Сэтгэгдлүүд