Товч намтар

Ч. Лхагважав 1947 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын хойт нутаг – “Бичигт”, “Хучирт”-ын голуудын бэлчир - Шар чулуутын адаг, “Багвайн булан” хэмээх Орхон голын урд хөвөө газар төрсөн.

1956 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын бага сургуульд 1 дүгээр ангид элсэн суралцаж,
1958-1960 онд Булган аймгийн Орхон сумын бага сургуулийг “Онц” төгсөж, улмаар
1966 онд Булган хотын 10 жилийн дунд сургуулийг “Алтан медаль”-тай төгсгөхдөө 1966 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын Софи хотод болсон “Олон улсын математикийн олимпиад”-ад Монголоос шалгарч амжилттай оролцсон.
1967 онд Эрхүүгийн Улсын Их Сургуулийн орос хэлний бэлтгэл факультетыг, 1973 онд М. В. Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их сургуулийн физикийн факультетыг астроном, астрофизикийн мэргэжлээр тус тус төгссөн.
1976-1980 онд Москва хотын Улсын Их Сургуульдаа аспирантурт элсэн суралцаж астрофизикийн нарийссан “Нарны физик” мэргэшлээр физик-математикийн ухааны дэд докторын (Ph.D.) буюу энэ мэргэшлээр боловсролын докторын зэрэг хамгаалсан.
1993, 1995 онд АНУ, ХБНГУ –д байгууллагын менежмент, эрх зүйн тусгай дамжаанд суралцаж мэргэжил дээшлүүлсэн.

1973 оноос ШУА-ийн Одон Орныг Судлах Оргилд эрдэм шинжилгээний ажилтнаар, 1980-1990 онд ШУА-ийн Физик Техникийн Хүрээлэнгийн Сансар Судлалын секторын эрхлэгч, Монголын “Интеркосмос” Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1991 оноос Одон Орон Судлах Оргилд Астрофизикийн секторын эрхлэгч, астрофизикийн судалгааны төслийн удирдагчаар, мөн 1996-2000 онд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, сайдын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байв.

МУИС-д 1974 оноос астрономи, астрофизикийн хичээлийн цагийн багш, 2000 оноос профессор багшийн зэрэглэлээр, 2002-2010 онд МУИС-ийн Физик Электроникийн Сургуулийн захирлаар, 2004 оноос өнөө хүртэл Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

1973 оноос Нарны дөл, толбо, титэм зэрэг идэвхт тодорхой үзэгдэл үүсэх, өрнөх, үгүй болох механизм, учир холбогдлыг тайлж тайлбарлах, Нарны физик, сансар судлалд, тухайлбал, Нарны дөлний гэрэлтлийн математик загварчилгаанд хамаарах судалгааны чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурал, чуулганд 60 орчим илтгэл хэлэлцүүлсэн. Астрофизикийн судалгааны энэ сэдэвт хамаарах 90-ээд эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл туурвиж, “Сансар судлал”, “Нарны физик”, “Сарны физик”-ийн тусгайлсан мэргэжлээр дагнасан, дэлхийн эрдэмтдийн үнэлгээтэй, АНУ, Голланд, ОХУ, Украин, Япон болон Монголын хэвлэлд монгол, орос, англи хэл дээр нийтлүүлсэн. Сансар судлал, астрофизикийн сургалт, судалгааны 9 ном товхимол бичилцэн редакторлажээ.

1980 онд “Нарны дөлөн дэх гелийн атомын гэрэлтэлт” сэдвээр хамгаалсан бүтээл нь Нарны физикийн шинжлэх ухааны чиглэлээр судалгаа – тооцооллын цоо шинэ арга зүй, шинэ үр дүнгүүдийн товчоон байсан учир гүйцэтгэлийн чанар, үр дүнгийн ач холбогдлоороо тухайн үеийн судалгааны дэлхийн түвшинд хүрсэн, хөгжилд дорвитой, бодиттой хувь нэмэр оруулсан ажил гэж гадаадын эрдэмтэд үнэлсэн. Тухайлбал, тэр үедээ Нарны физикийн мэргэжилтэн эрдэмтдийн дунд оньсого мэт халуун ширүүн маргаантай байсан – “Харьцангуй хүйтэн плазм”-ын орчинд гелий гэрэлтэх механизмыг тайлсан үр дүнг одоо дэлхийн эрдэмтэд, астрофизикчид анхдагчийн бүтээлээр хүлээн зөвшөөрч байгаа болно.

Энэ үеэс өдгөө хүртэл астрономи, астрофизик, сансрын физик, сансрын техник, технологи, сансар судлал, боловсрол судлалын болон нийгмийн хөгжлийн үзэл баримтлалд хамаарах сэдвийн хүрээнд шинжлэх ухааны хялбаршуулсан сурталчилгааны 100 орчим өгүүлэл үндэсний төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлүүлсэн.

1990 оноос зах зээлийн эдийн засаг, нийгэмд үйлчилдэг ашгийн төлөө бус байгууллагын менежмент, төслийн менежмент, улс төр судлал, ардчиллын үндсэн зарчим, Ардчилсан төрийн тогтолцоо, иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлс, макро эдийн засаг, төрийн санхүүгийн удирдлага сэдвээр 21-45 хоногийн тусгай курсуудад суралцан төгсөж, энэ чиглэлээр 29 өгүүлэл, лекц, гарын авлага, 2 товхимол хэвлүүлсэн.  АНУ-ын Үндсэн хууль, “Хэрэглээний эдийн засаг” ном хамтран орчуулж, “Эдийн засгийн онолын үндэс” ном редакторлан “Зах зээлийн эдийн засаг” товхимол бэлтгэж хэвлүүлсэн бөгөөд боловсрол судлалын чиглэлээр сургалтын менежмент, сургалтын технологийн шинэчлэл, хичээл хоорондын холбоо – багш нарын хамтын ажиллагаа сэдвүүдээр хэвлүүлсэн цуврал 4 товхимолд хамтран зохиогч юм.

Нийтдээ боловсрол судлалын чиглэлээр дээд боловсролын сургуулийн оюутан, багш, мэргэжлийн хүмүүст зориулсан сурах бичиг, гарын авлага болох 21 ном бүтээл хамтран болон ганцаараа хэвлэлд бэлтгэж гаргасан байна.

2000 оноос манай боловсрол судлалын хувьд цоо шинэ чиглэл болох киррикюлим хөгжлийн онол, арга зүйн үндэс суурь тавилцах, Монголын Суурь боловсролын үндэсний киррикюлим хөгжилд нөхцөл байдлын анализ хийлцэн шинэ бүтэцчилсэн хүрээ тогтоолцох, Монголын боловсролын “Цогц чадамжид суурилсан стандарт” боловсруулах багт ажиллаж боловсролын гүйцэтгэл – явцыг үнэлэхүйц стандартын үзэл баримтлалын үндсийг санаачлах, Монголын боловсролын хөгжлийн хандлага, стратеги боловсруулалцах зэрэг тогтолцооны суурь шинэчлэлийн чанартай үйлсэд бүтээл туурвил, хичээл зүтгэлээрээ жинтэй хувь оруулсан бөгөөд энэ шинэ стандарт, үндэсний киррикюлим 2005 оноос үйл болон хэрэгжиж эхлээд байгаа болно. Боловсрол судлалд хамаарах эдгээр үр дүнг товчоолсон бүтээл нь олон улсын шинжээчдээс гүйцэтгэлийн чанарын хувьд ч, онол арга зүйн түвшний хувьд ч өндөр үнэлгээ авч байв. Боловсрол судлалд хамаарах өгүүлэл, нийтлэлийн 40-өөд нь олны хртээл болжээ.

Эдгээрээс Монголын Бүх Нийтийн Боловсролын орчлын нэгдсэн Үнэлгээ хийх, 2015 он хүртэл Монголын боловсролыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө боловсруулах ажилд идэвх санаачилгатай оролцож, дэлхийн боловсрол судлал, менежментийн шинжлэх ухаанд үндэслэсэн арга зүйн зарчмын шинэ санааг хэрэгжүүлсэн нь энэ чиглэлээр нарийн мэргэшсэн олон улсын шинжээчид, донор байгууллагын ажилтан мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авсан. Энэхүү үр дүнд суурилсан, сектор дамнасан арга хандлага бүхий мастер төлөвлөгөө нь боловсролын секторт хандивлагчдын итгэл хүлээж гадаадын байгууллагуудаас 29.5 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийх үндэслэлтэй баримт бичиг болохуйц, агуулга – бүтэц – арга зүйн хувьд дэлхийн жишиг стандартад нийцэхүйц боловсролын хөгжлийн Стратеги төлөвлөгөөний үндсэн шалгуур даах урт хугацааны үйлийн удирдамжийн шинжтэй хамтын бүтээл болоход Ч.Лхагважавын төлөвлөлтийн арга зүй, үзэл баримтлалын хувьд оруулсан хөдөлмөр хувь нэмэр, хүчин зүтгэлийг хамт олон нь зүй ёсоор үнэлдэг юм. Мөн Монголын Шинжлэх ухаан, технологийн салбарын нэгдсэн үнэлгээ хийж хөгжлийн Мастер төлөвлөгөө боловсруулах ажлын албаны ахлагчаар ажилласан. Төлөвлөгөөнүүд одоо хэрэгжиж байгаа.

 “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор шагнуулсан, Монголын Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолтой.

1 comment:

  1. УИХ-ын сонгуульд ялах ерөөлийг дэвшүүлэн дэмжиж байна.

    ReplyDelete

Сэтгэгдлүүд